Нярай хүүхдийн 50-60 хувьд арьс нь шаргал туяатай болох үе байдаг бөгөөд үүнийг нярайн шарлалт гэж нэрлэдэг. Энэ нь төрсний дараах эхний болон хоёрдах долоо хоногт тохиолддог. Ихэнх хүүхдэд нярайн шарлалт түр зуурын, аюул багатай зүйл байдаг бөгөөд энэ нь өөрөө аяндаа эсвэл бага зэргийн эмчилгээний үр дүнд арилдаг. Гэвч цөөн тохиолдолд хүнд хэлбэртэй тохиолддог бөгөөд энэ үед нүдэнд нь шарлалт илэрч байгаа эсэхийг маш сайн анзаарах хэрэгтэй.

Яагаад шарлалт үүсдэг вэ?

Цусанд агуулагдаж байдаг билирубин хэмээх пигментийн хэмжээ ихсэх нь арьсны шарлалтын шалтгаан болдог. Цусны хөгширсөн улаан эс задрах үед задарлын бүтээгдэхүүнээс нь билирубин үүсдэг байна. Бүх хүмүүсийн цусанд билирубин байдаг бөгөөд энэ нь элэг болон өтгөнөөр гадагшилдаг. Хүүхэд төрөхөөс өмнө жирэмсэн эмэгтэйн элэг түүний билирубиныг биеэс нь зайлуулж байдаг. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн элэг өөрийн үйл ажиллагааг бүрэн гүйцэд явуулж эхлэх хүртэл хэсэг хугацаа шаардагддаг. Энэ үед нярайн шарлалт хэмээн нэрлэгдэх арьс шаргал харагдах өөрчлөлт илэрдэг байна. Энэ хэлбэрийн шарлалтыг эмч нар нярайн физиологийн шарлалт гэж үздэг. Ихэвчлэн хүүхэдэд төрсний дараах 2-3 дахь хоногт шарлалт нь илрэх бөгөөд 2 долоо хоногийн дотор өөрөө аяндаа арилдаг. (Дутуу төрсөн хүүхдэд шарлалт нь 5-7 хоногт дээд хэмжээндээ хүрч 2 сар хүртэлх хугацаанд алга болдог) Шаргал өнгө нь хүүхдийн хөлийн хуруунаас эхлэн дээшилж цээж хүзүү болох хамгийн сүүлд нүүр гэсэн дараалалаар арилдаг байна.

Хүүхэд хангалттай хэмжээний сүү хөхөж чадахгүй байгаа бол нярайн шарлалт үүсэх нөхцөл болдог. Учир нь хангалттай шингэн авч чадахгүй байгаа тохиолдолд өтгөнөөр ялгаран гарах ёстой билирубин биеэс бүрэн гадагшилдаггүй байна. Хэрэв ийм байдал үүсвэл эмчтэйгээ хүүхэд хооллолтын талаар зөвлөлдөх, хөхөөр хэрхэн зөв хооллох зөвлөгөө авах шаардлагатай.

Шарлалт нь хүүхдэд ямар нөлөөтэй вэ?

Шарлалт бол тийм ч санаа зовоох асуудал бишээ. Гэхдээ хүүхдийн цусан дах билирубины түвшин хэт өндөр байх үед зохих эмчилгээ хийхгүй бол билирубины хэмжээ цаашид нэмэгдэн хүүхдийн мэдрэлийн тогтолцоог гэмтээх шалтгаан болдог байна. Хүнд хэлбэрийн шарлалттай байсан нярай хүүхдийн цөөн хэсэгт тархины гэмтэл үүсдэг. Үүний улмаас сонсголгүй болох, хөгжлийн хоцрогдол үүсэх болон саажилт үүсэх зэрэг ноцтой хүндрэл гардаг байна.

Шарлалт нь дараах хүүхдүүдэд илүүтэйгээр тохиолддог байна. Үүнд:

• Танай хүүхдүүдийн хэн нэг нь нярайн шарлалттай байсан бол
• Төрөх үеийн хөхрөлттэй төрсөн бол. (хөхрөлтийн нэг хэсэг болсон улаан эсүүд задрах үед биллирубин ихээр үүсдэг.)
• Дутуу төрсөн бол / дутуу төрсөн хүүхдийн элэг бүрэн үйл ажиллагаа явуулах чадваргүй байдаг тул билирубины солилцоонд дутуу оролцоно/

Шарлалттай эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Хүүхдийг төрөх үед шарлалтай эсэхийг эмч нар шалгаж үзнэ. Хэрвээ төрсөний дараах 24 цагийн дотор нярайн шарлалт илэрвэл зайлшгүй шинжилгээ хийх шаардлагатай. Мөн билирубины хэмжээ их байж магадгүй тохиолдолд төрсний дараах 3-5 хоногт мөн ажиглалтанд байдаг. Та төрөөд удалгүй эмнэлгээс гарсан тохиолдолд хүүхдийнхээ биеийг ээж та л сайтар ажиглаж байх нь чухал юм. Хүүхдээ шарлалттай эсэхийг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:

• Байгалийн гэрэлтэй орчинд хүүхдээ байлгах
• Хүүхэд тань цайвар арьстай бол дух, хамар, эсвэл цээжин дээр хуруугаараа зөөлөн дараад авах үед шаргал туяа татаж байгаа эсэхийг ажиглах
• Хэрвээ хүүхэд тань бор арьстай бол түүний буйл болон нүдний цагаан нь шарласан эсэхийг шалгаж үзээрэй.

Таны хүүхдийн арьс шар байвал ялангуяа нүдний цагаан болон хэвлий, гар хөл нь шар туяатай байвал хүүхдийн эмчид хандаарай. Мөн нярайн шарлалт хэдийгээр бага боловч 3-аас дээш долоо хоног үргэлжилсэн болон хүүхэд нойрмог, хөхөндөө дургүй болох зэрэг шинжүүд илэрвэл эмчид даруй хандах хэрэгтэй.

Төрсний дараах эхний 24 цагт шарлалт илэрвэл энэ нь яаралтай хяналтанд орж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг. Энэ төрлийн нярайн шарлалт нь нийтлэг биш бөгөөд голдуу эх болон хүүхдийн цусны бүлгийн тохиромжгүй байдлаас болдог. Хэрэв таны цусны бүлэг O эвсэл Rh-negative (резус сөрөг) бол энэ нь хүүхдийн цусны бүлэгтэй тохиромжгүй байж болох юм. Жирэмсний хяналтын үзлэгийн үед таны цусны бүлгийг тодорхойлж эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхийг мэдсэн байх шаардлагатай бөгөөд харин хүүхдийг төрөн төртөл нь цусны бүлгийг тодорхойлох боломжгүй байдаг. Иймд хүүхдийг төрөнгүүт цусны бүлгийг нь тодорхойлох шаардлагатай байдаг. Хэрэв та резус сөрөг цустай харин хүүхэд тань резус эерэг цустай байгаа нөхцөлд нярайн цус задрах өвчин үүсч болзошгүй. Мөн төрсний дараах эхний 24 цагт илэрч буй шарлалт нь элэг, цөсний хүүдий, ходоод гэдэсний эмгэг, мөн халдвар, төрөлтийн үеийн гэмтэл, дутуу төрөлт зэрэг шалтгаануудын улмаас үүсч болдог байна.

Шарлалтыг хэрхэн эмчлэх вэ?

Нярайн шарлалт ихэнх тохиолдолд аяндаа арилдаг боловч шаардлагатай тохиолдолд фото эмчилгээ хийх нь хамгийн үр дүнтэй, аюулгүй арга юм. Хүүхдийн нүдийг халхалж хэт ягаан туяагаар шарж өгснөөр билирубиныг шээсээр илүү хурдан ялгарах хэлбэрт шилжүүлдэг. Өөр нэгэн арга нь били-хөнжил хэмээх туяагаар шарах арга бөгөөд энэ нь эмчийн заавраар хийгдэх ёстой. Фото эмчилгээ нь ихэвчлэн үр дүн сайтай байдаг боловч хүнд хэлбэрийн шарлалттай хүүхэд болон эмчилгээний явцад хүүхдийн билирубины түвшин үргэлжлэн нэмэгдсээр байвал эрчимт эмчилгээний хэсэгт шилжүүлж цус сэлбэх болон бусад эмчилгээ хийх шаардлагатай болдог. Та өөрөө хүүхдээ сайн хөхүүлж хооллосноор баасаар гадагшлах билирубины хэмжээг нэмэгдүүлж шарлалтыг багасахад туслах болно. Хэрэв танай хүүхдэд шарлалттай холбоотой асуудал байвал эмчид үзүүлж зөв арга хэмжээ авснаар хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадна.

Source: Mama.mn

===========================

Нярайн шарлалт

Хүү маань төрөөд 5 дахь хоног дээрээ нярайн шарлалт гэсэн оноштой эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. 10 хоног эмнэлэгт хэвчэж эмчлүүлсэн. Нярайн шарлалт нь дөнгөж төрсөн нярай хүүхдүүдэд нэлээд түгээмэл тохиолддог өвчин санагдсан. Нялх жаахан үр минь биендээ зүүгээр хатгуулаад судсандаа тариа шахуулаад фотодуулаад хэвтэж байхыг нь харахад надад үнэхээр аймар байсан. Хүүг минь тарих болгонд зүрхрүүгээ зүүгээр хатгуулж байгаа юм шиг л мэдрэмж төрж байсан. Хүүгээ сахиад байж байхдаа юун өөртөө төрсний дараах гам хийх. Нойр ч хүрэхгүй, хоол ч хоолойгоор давахгүй эмч нарт загнуулахгүйн тулд нууцаар уйлаад л. Үнэхээр хүнд байсан шүү. Тэгээд залуу ээж нартаа зориулаад энэ талаар мэдээлэл оруулахаар шийдлээ.
 
Нярайн шарлалт гэж цусанд агуулагдаж байдаг билирубин хэмээх пирментийн хэмжээ ихэссэнээс болж үүсдэг гэнэ. Энэ нь төдийлэн хүнд өвчин биш ч энэхүү пирментийн хэмжээ нэмэгдсээр байвал хүүхдийн мэдрэлийн тогтолцоог гэмтээх аюултай байдаг байна. Хүнд хэлбэрийн шарлалттай байсан хүүхдийн цөөн хэсэгт тархины гэмтэл үүсдэг. Үүний улмаас сонсголгүй болох, хөгжлийн хоцрогдол үүсэх,саажилт үүсэх зэрэг ноцтой хүндрэлүүд гардаг  байна. Дөнгөж төрсөн залуу ээж та хүүхдийнхээ биеийг сайн ажиглаж шарлалттай эсэхийг шалгахаас гадна дөнгөж төрөнгүүт нь хөхний сүүгээр нь сайн хооллох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Хүүхдэд шингэн их дутагдсанаас шарлалт хүндэрдэг. Эхийнхээ сүүг хөхсөн хүүхэд баасаараа шарлалтыг хөөж байдаг байна.
 
Хүүхэд тань шарлалттай нь мэдэгдвэл шууд л эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмч нэр хөнгөн шарлалтыг ойшоодоггүй юм шиг санагдсан. Миний хүү төрөөд эмнэлэгээс гараагүй байдад л арьс нь шар байсан. Эмч нь үзээд мэдсэн хэрнээ хөхөө сайн өг гээд л гаргасан. Гэтэл дөнгөж төрсөн ээжүүд тэр тусмаа анх төрж байгаа бол хөх тийм хурдан сүү ордоггүй юм байна лээ. Тийм байхад сүүгээр яаж сайн хооллох билээ. Зөвлөгөө ч өгөөгүй гээд бод.Гэтэл шарлалттай хүүхдэд глюкоз сайн уулгах хэрэгтэй юм байна лээ. Гэтэл би тэрийг ч мэдээгүй хүүгээ хүндрүүлчихсэн. Эмнэлэгээс гараад гэртээ байхдаа өрхийн эмчдээ үзүүлэхэд бас л сүүгээ сайн  хөхүүл л гэсэн. Гэтэл хүү маань хөхрөөд эхэлсэн. Түргэн дуудахад үзчээд бас л эмнэлэг авч яваагүй. 2 удаа түргэн дуудаж байж нэг юм хүндэрсэн гэж эмнэлэгт хэвтүүлсэн. Ийм болохоор эмч нарт найдаад хэрэггүй. Шууд л өөрснөө авч яваад мэргэжлийн хүүхдийн эмчид нь үзүүлэх хэрэгтэй гэмээр байна.

Source: http://mybondgor.blog.banjig.net/

=======================================

Хүүхдээ өөртөө итгэлтэй болгож төлөвшүүлэх 12 арга

Аз жаргалтай амьдралыг цогцлооход хэрэгтэй нэн чухал чанар бол өөртөө итгэх итгэл. Хүн хичнээн ч мэдлэг чадвартай байсан гэсэн, өөрийгөө үнэлэхгүй бол ямар ч талбарт амжилтанд хүрч чадахгүй. Хүүхдийг өөрийнхөө талаар эерэг сэтгэгдэлтэй болоход аав ээжийн хандлага хамгийн том нөлөөтэй.

1. Хүүхэддээ хайр энэрэлийг мэдрүүл. Бид хэвлийд байхаас нь л хүүхэддээ хайрыг мэдрүүлдэг байх ёстой. Хүүхэддээ хичнээн ч уурласан байсан “Хэрвээ чи төрөөгүй байсан бол…”, “Чамайг гаргаснаас болоод…” гэсэн үгийг бүү хэл. Тэр таны хувьд ямар нандин хүн болохоо мэдрэх эрхтэй. Хайрлагдана гэдэг хүүхдэд ирээдүйд амьдрах итгэлийг өгдөг.

2. Магтаж сайшаа. Та хүүхдээ мэдлэг боловсролтой, мундаг хүн болгоё л гэж бодож байвал гаргасан жаахан ч гэсэн ахиц дэвшлийг нь магтаж байх хэрэгтэй. “Ээж нь хүүгээрээ/охиноороо маш их бахархаж байна” гэдэг үгийг тогтмол хэл.

3. Гэхдээ үнэмшилтэй магтаал хэл. А үсэг бичиж сурлаа гээд, түүнийг “Энэ дэлхийн хамгийн ухаантай хүүхэд” гэсэн цолоор өргөмжлөх хэрэггүй. Ингэх нь түүнийг дэндүү онгироо, сэхүүн болгож магадгүй. “Би төвт” үзэлд хэт баригдсан хүүхэд найз нөхөдгүй нэгэн болж хувирдгийг санаж явахад илүүдэхгүй.

4. Зорилготой байхыг сурга. Түүнийг шалгалтан дээрээ 80B аваад ирэхэд нь “Сайн байна, дараагийн шалгалтан дээрээ бүр 90 авч чадна гэдэгт чинь ээж нь итгэж байна” гэж хэлээрэй. 5 настай охиндоо орой ажлаасаа тараад ирэхэд нь үдээсээ үдэж сурсан байх даалгавар өг. Энэ мэтчилэн жижиг зүйлс хүүхдэд тань өөрийгөө дайчлаж сурахад тусална.

5. Өөрийг нь биш, гаргасан үйлдлийг нь шүүмжил. Хэрэв таны хүүхэд дүүгээсээ тоглоомыг нь булааж авбал “Чи ямар муу хүүхэд вэ?” гэж зэмлэхийн оронд “Сайн ах нар дүүгээсээ тоглоом харамладаггүй юм” гэж хэлсэн нь дээр юм. Болж өгвөл муухай, муу гэсэн үгийг хэрэглэхээс зайлсхий.

6. Хүүхдийнхээ үзэл бодлыг хүндэл. Хэрэв таны хүүхэд “2+2=3” гэж бичсэн байвал шууд буруутгахын оронд яагаад тийм хариу гаргасан учрыг нь асуу. Тэр таныг гайхшруулах шалтгааныг хэлж ч магадгүй. Түүнчлэн бяцхан үрийнхээ мэдрэмжийг хүлээн зөвшөөр. Багшийнхаа хэлсэн шүүмж үгэнд гомдож суувал, түүнд “Миний хүү багшийнхаа үгэнд гомдсон юм байна тийм үү?” гэж хэлээд бүх юм түүний сайн сайхны төлөө болохыг хэл. Өөрт нь мэдрэгдэж буй зүйлийг өөр хүн ч бас ойлгож байгааг мэдвэл тэр илүү нээлттэй байж чадна.

7. Хүүхдээрээ бахарх. Түүн шиг мундаг хүүгийн/охины ээж аав болсондоо ямар их баяртай байдгаа байнга мэдрүүлж бай.

8. Хүүхэддээ бусдын талаар сайнаар ярьж өг. Найзууд, гэр бүл, өвөө эмээ зэрэг хайрлах ёстой хүмүүсийнх нь талаар эерэгээр ярьж өг.

9. Хүүхдээ хэзээ ч бусадтай бүү харьцуул. Ялангуяа ах дүү, найзуудтай нь түүнийг жишиж болохгүй. Ингэх нь түүнийг өөрийнхөө талаар муугаар бодоход, цаашлаад атаа хорсолтой болоход хүргэнэ. Таны хүүхэд байгаагаараа л онцгой, цорын ганц.

10. Багш, асрагчид нь хүүхдийнхээ сайн чанаруудыг хэл. Хичээлийн шинэ жил эхлэх үед хүүхдийнхээ багштай уулзаж, тэдэнд түүний юуг хамгийн сайн хийж чаддаг, юунд маш их дур сонирхолтой болохыг нь хэл. Таны хүүхэд бусдаас юугаараа өөр болохыг нь ойлгуул. Ингэвэл тэд таны үрийг эерэг нүдээр харна.

11. Тэднийг юу ч хийж байсан, хайрлана гэдгээ ойлгуул. Хичээл дээрээ муу дүн авсан ч бай, хамгийн үнэтэй даашинзыг тань урж орхисон ч бай, тэднийг хайрлахаа хэзээ ч болихгүй гэдгийг ойлгуул. Хүүхдэд хайрлагдахгүй байгаа мэт мэдрэмж хэзээ ч төрөх ёсгүй.

12. Эцэг эх ч бас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Та өөрийгөө ч бас эерэг өнцгөөс нь харж сурах ёстой. Хэрэв та өөрөө бүрэг, дуугүй, гутранги нэгэн бол хүүхдээ зоригтой болгож өсгөнө гэдэг юу л бол. Өөдрөг хүн л хэн нэгнийг үнэлж байгаагаа харуулж чадна.